Эрхэм хүндэт Танд буяны чуулган хуралдан, буман учрал бүрдсэн энэхүү өлзийт өдрийн айлтгал мэндийг дэвшүүлэхийн ялдамд эрдэнийн есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэж, эрдэм соёл түгэн дэлгэрч, эрүүл энхийн жаргал амсан, эд баялаг хуран цуглахын билэгтэй сайхан ерөөлийг өргөе.
Нутаг орныхоо мандан бадрал, хөгжил дэвшлийн алхаа, ирээдүйн бүтээн байгуулалт, хүн ардын энх түвшин амьдралын төлөө олныг санаж сэдэж, төр засгийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн бидний ажил үйлсийн эрч хүч, итгэл үнэмшил, зүтгэл бүтээлийн зам мөрийг сүүн цагаан сэтгэлээр тэтгэж байдагт тань талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
Дорнын говьд гэрэлт ирээдүй, шинэ сэргэлт, их бүтээн байгуулалтын уриа дуудлага сонсогдож байна. Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолбор, өмнөд бүсийн төмөр замын сүлжээ, босоо тэнхлэгийн авто зам баригдан, орчин үеийн үйлдвэржсэн аймаг болох гэгээн хүсэл зорилго биелэгдэх сайхан цаг холгүй байна.
Дорноговьчууд бид эдгээр том бүтээн байгуулалтыг багцалсан сум шиг нэгдсэн бодлогоор эв эеэ хичээж, эрч хүчтэй зохион байгуулж чадна гэдгээ бусдад харуулах хариуцлагатай цаг мөчид тулж ирлээ.
Аймаг байгуулагдсаны түүхт ойг угтсан 80 бүтээлч ажлууд ч биднийг тосон хүлээж байна.
Өргөн цар хүрээтэй энэхүү 80 ажлыг бүрэн дүүрэн цогцлоон бүтээхэд хүн болгон чин сэтгэлээсээ дэмжин оролцож, хөрөнгө санхүүгийн хандиваа нэгтгэхийг Та бүхэндээ хандан уриалж байна.
Сайн санаа, сайхан сэтгэлийн илэрхийлэл болгон өргөсөн Таны хандив Дорноговь аймгийн хөгжил дэвшлийн хуудсанд нэгэн шинэ өнгө төрх болон үлдэх болно.
Их ноён хутагтын авшиг ерөөл оршоосон, өнө мөнхийн түүх, өндөр хувь заяатай энэ ус нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө итгэл төгс, сэтгэл өөдрөг хөдөлмөрлөх хүсэл тэмүүлэл та бидэнд дүүрэн байна.
Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, төрт ёсны хүндэтгэлийн их цэнгэл баяр наадмаа эрхэм зорилго, дэвшүүлсэн бодлогоо биелүүлэн, өндөр бүтээл, өргөн амжилтаар угтацгаая.
Таныг хүндэтгэсэн,
Дорноговь аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын Тамгын газар
Дорноговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хандивын данс:
Хадгаламж банк ₮-28150002443, $-28150004198